Хийн түлш Монгол улсад

Монгол улсад анх 1995 онд “Ник Концерн” улсын үйлдвэрийн газар ОХУ, БНХАУ-аас импортлож 3тн, 5тн хийн түлш тээвэрлэх автоцистернүүдийг ашиглалтанд оруулж байжээ.

Харин Монгол улсын засгийн газрын 184 дүгээр тогтоолоор “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөрийг 2000 онд баталж, экологийн цэвэр хямд түлшийг хэрэглэх зорилго тавьж ажиллаж байна.

 Өнөөгийн байдлаар 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага шингэрүүлсэн нефтийн хийн ажил үйлчилгээ эрхэлж байна. Хийн түлшний барилга байгууламж барьж, нийт хий хадгалах савны багтаамж 2500 м.куб-д хүрчээ. Харин хотод хий цэнэглэх станц 8, улсын хэмжээнд хий түгээх цэг 25, баллоны агуулах 20 гаруй байна. Хэрэглэгчийн тоо 19 аймагт 15 мянга, хотод 7000 буюу 2000 онтой харьцуулахад 18 дахин өссөн байна.

Шингэрүүлсэн нефтийн хийг айл өрх, ресторан, зоогийн газруудад түгээлт хийдэг ЮниГаз, Хийн тулга, Дашваанжил, Горгаз, Ник газ гээд олон байгууллагууд байдаг бөгөөд дэлхий нийтийн өдөр тутмын энгийн хэрэглээ болсон хийн түлшийг Монголын зах зээл нэвтрүүлж, хэрэглэгчидэд аюул осолгүй, зөв хэрэглээнд сургахын төлөө хувь нэмрээ эдгээр байгууллагууд оруулж байна.

Хийн аж ахуйг хөгжүүлэх, боловсронгуй болгох, шилдэг технологи нэвтрүүлэх, хийн түлшний аюулгүй ажиллагаа, хийн түлшний давуу тал түүний хэрэглээг хэрэглэгчдэд ойлгуулах  зорилгоор 2006 онд Юнигаз ХХК, Газпромт ХХК, Дашваанжил ХХК, Газ сервис ХХК, Монгаз сервис ХХК, Горгаз ХХК зэрэг компаниуд санаачлан “Хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-г байгуулав.

“ЮниГаз” ХХК нь хийн түлшийг айл өрх, хоол үйлдвэрлэлийн салбарын цахилгааны эх үүсвэрт, автомашин, тээврийн хэрэгслийн шатахуун, түлшинд мөн уул уурхайн лаборатор, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цахилгааны эх үүсвэр зэрэгт анхлан нэвтрүүлсэн Монголын хийн түлшний зах зээлийн анхдагч байгууллага юм.