Мэдэхэд илүүдэхгүй №13: Яндан мэдрэгч

Мэдэхэд илүүдэхгүй №13: Яндан мэдрэгч

Яндан мэдрэгч нь яндангаар гарч буй утааны CO2 буюу нүүрсхүчлийн хийн түвшинг тодорхойлон хөдөлгүүрт орж буй түлш болон агаарын холимогийн харьцааг тохируулж өгөх үүрэгтэй. Газан хөдөлгүүрт машины хувьд яндан мэдрэгч маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Sonata 5, Santa Fe зэргийн редуктортай машинууд 1 ширхэг яндан мэдрэгчтэй байдаг бол форсунк системтэй Sonata 6, 7, K5, k7 зэрэг машинууд хос яндан мэдрэгчтэй байдаг.

Яндан мэдрэгч гэмтэх шалтгаанууд:
- Яндан цоорсон, саагсан үед буруу ажиллагаатай болдог.
- Залгуур хөндийрсөн, норсон үед гэмтэл гарч болно.
- Ашиглалтын хугацаа дууссанаас ажиллагаагүй болох зэрэг эвдрэл гэмтлүүд гардаг.

Яндан мэдрэгч нь байнга утаа мэдэрч байдаг тул мэдрэх хэсэг нь цайвар өнгөтэй бүрхүүл үүссэн байдаг ба энэ нь ажиллагааг муутгадаг талтай. Цайралт ихтэй яндан мэдрэгчтэй автомашины форсунк гэмтсэн болон очлуур муудсан байдаг.

Яндан мэдрэгчийг компьютер оношилгооны багажаар ажиллагаатай эсэхийг шалгаж болдог. Эвдрэлтэй тохиолдолд засварлах боломжгүй бөгөөд солих арга хэмжээг авна.

Мэдэхэд илүүдэхгүй №12: Газын насос

Мэдэхэд илүүдэхгүй №12: Газын насос

2005 оноос хойшхи форсунк системтэй автомашинуудад газын насос ашиглагдаж эхэлсэн. Газын насос нь түлшний шугамыг хангалттай даралттай газаар хангах үүрэгтэй ба бензин автомашины насостой харьцуулахад хүч ихтэйгээс гадна электроникийн шийдлээр ажилладгаараа бага зэрэг ялгаатай. Ажиллагааны хувьд PWM буюу Pulse width modulation дохиогоор ажилладаг бөгөөд нарийн ажиллагаатай эд ангид ордог.

Газын насос муудсанаар дараах гэмтэлүүд автомашинд гарч болдог.Үүнд:
- Машин өөрөө унтрах
- Асахгүй болох
- Хөдөлгүүр доголдох
- Газ зарцуулалт ихсэх зэрэг гэмтлүүд гардаг.

Насосны чадалыг шалгахдаа компьютер оношилгооны төхөөрөмжөөр мөн ачаалал даах чадвар зэргээр нь шалгаж болдог. Эвдрэлттэй насосыг завсарлах боломжгүй бөгөөд солих шаардлагатай байдаг.
Sonata 6,7 Kia Lotze, K5 ,K7 зэрэг автомашинуудад адилхан насос ашиглагддаг.

Мэдэхэд илүүдэхгүй №11: Усны помп

Мэдэхэд илүүдэхгүй №11: Усны помп

Усны помп нь моторын эргэлтээр хөргөх шингэнд сэлгэлт үүсгэх үүрэгтэй эд анги юм. Помпны ажиллагаа сайн бол хөргөх шингэний халалт үүсэхгүй бөгөөд хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг хангах давхар үүрэгтэй юм. Усны помп муудах үндэслэлүүд байдаг. Үүнд:
- Тосол, антифризийг цаг тухайд нь солиогүйн улмаас зэврэлт үүсэж помп гацах
- Хөргөх шингэн дээр ус хийн удаан хугацаагаар явах зэргээс шалтгаалан эвдрэл гарч болно.

Усны помп ажиллагаагүй болсноор:

- Автомашин халуунаар паар үлээхгүй болох,
- Хянах самбарын усны темпратурын заалт хэт ихсэх
- Усны радиатораар хөргөх шингэн тургиж асгарах
- Редуктор цантаж газ үнэртэх
- Усны радиатор битүүрч бөглөрөх,
- Паарны радиатор битүүрч бөглөрөх,
- Термостат гацах зэрэг гэмтлүүд гардаг.

Усны помп эвдэрсэн эсэхийг задалж үзэж байж шалгадаг тул бусад гарсан байж болзошгүй багахан гэмтлүүдийг нэн түрүүнд шалгаж үзэх нь зүйтэй.

Мэдэхэд илүүдэхгүй №10: Очлуур

Мэдэхэд илүүдэхгүй №10: Очлуур

Очлуур нь шатах камерт орж ирсэн түлшийг тэслэх үүрэгтэй эд анги юм. Газан машины очлуурын хувьд NGK BKR6ES маркийн хийн түлшинд зорулсан болон шатаалт өндөртэй ашиглалтын хугацаа урт NGK Laser line LPG6 маркийн зүү үзүүртэй очлуурыг ашигладаг. Газан машины очлуур харлах, бохирдох асуудал үүсдэггүй учир шалгахдаа голын электрод болон шаазан их бие зэргийг шалгах хэрэгтэй байдаг. Шаазан их бие хагарч цуурсан, голын электрод нэг талруугаа элэгдсэн байдалтай байвал солих шаардлагатай.

BKR6ES маркийн очлуур нь 1 жил буюу 20,000км, Laser line LPG6 маркийн очлуурын хувьд 2,5 жил буюу 50,000км яваад ашиглалтын норм дуусдаг.
Энэхүү нормоос өмнө очлуурт дараах гэмтлүүд гарч болдог. Үүнд:
- Катушка, очлуурын утас гадуураа /их биеэрээ/ тог хаях
- Очлуур дээр масло орох
- Очлуурыг албадан шатаах зэргээс болж ашиглалтын хугацаа нормт хэмжээнээс багасдаг.
Очлуур муудсанаар машинд гарах нөлөө:
- Хөдөлгүүр доголдох
- Асалт удааширах
- Асаалттай үед өөрөө унтрах
- Газ үнэртэх
- Машин хүчгүй болох зэрэг гэмтлүүд гарна.

Мэдэхэд илүүдэхгүй №9: Форсунк

Мэдэхэд илүүдэхгүй №9: Форсунк

Форсунк нь газыг тоосруулж шингэн байдлаар моторын шатах камер луу цацаж оруулах үүрэгтэй түлшний эд анги юм. Газ автомашин LPI буюу Liquid Propane Injection системтэй автомашинд форсунк ашиглагддаг. Форсунк нь цахилгаан соронзон хавхлагатай бa компьютерийн дохионы тусламжтай нээж хаах үүрэгтэйгээр ажилладаг.

2006 оноос хойш үйлдвэрлэгдсэн газ автомашинууд бүгд LPI буюу форсунк системтэй байдаг.

Газын хувьд бохирдол багатай байдаг тул бензин хөдөлгүүртэй харьцуулахад форсунк бөглөрөх, гацах зэрэг гэмтэл бага гардаг. Харин газын даралтат шинж чанараас хамаарч форсунк газ алдалттай болох гэмтэл гардаг. Гэмтсэн форсункыг цэвэрлэх засварлах нь урт насгүй байдаг тул шинээр сольж засварлах нь зүйтэй.

Форсункыг хамгаалах энгийн бөгөөд чухал нэгэн арга бий. Өвөл болон зуны улиралд машиныг унтраахдаа түлхүүрээр биш LPI товчлуураар унтрааж байх нь газын шугамын даралтыг буулгаж газгүй болгон машиныг унтраадаг. Ингэснээр форсунк дээрх газын даралт байхгүй болж газ алдахаас хамгаалж чаддаг.

Sonata 6, 7 Kia 5,7 зэрэг автомашинуудын форсунк адилхан байдаг. Форсункын хувьд капитал болон үйлдвэрийн шинэ гэж худалдаалагддаг. Капитал нь хуучин форсункийг засварлаж дахин ашиглах боломжтойгоор худалдаанд гаргасныг хэлнэ. Энэ форсунк үйлдвэрийн шинийг бодвол ашиглалтын хугацаа бага байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мэдэхэд илүүдэхгүй №8: Катушка

Мэдэхэд илүүдэхгүй №8: Катушка

Катушка нь хөдөлгүүрт орж ирсэн агаар болон түлшний холимогийг очлуур дээр тог хаяж тэслэх үүрэгтэй эд анги юм. Катушка нь акуммуляторын 12 вольтын хүчдэлийг 30000-40000V болгон өсгөх үүрэгтэй нэг төрлийн өсгөх трансформатор гэж ойлгож болно.

Хөдөлгүүр тус бүртээ катушкатай автомашин нь компьютерийн дохионоос мэдээ авч оч хаядаг.
Таслан хуваарилагчтай буюу транблюртэй машин нь үндсэн нэг катушкатай байдаг бөгөөд энэхүү катушка нь стартер дарж эхэлснээс хойш байнга оч хаяж байдаг. Байнгын хаяж буй очыг таслан хуваарилагч цилиндрийн дарааллыг мэдэрч хуваарилана.

Катушканы гэмтсэн эсэхийг шалгахдаа:
- Машин асаалттай үед оч хаяж буй эсэхийг шалгах
- Катушканы урд резин сэтэрч язарсан эсэхийг шалгах
- Гадна их биеэр оч хаяж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Хэрвээ эдгээр гэмтлүүд гарвал машин доголдох, хүчгүй болох, асалт муудах зэрэг нөлөө үзүүлнэ. Ажиллагаагүй болсон катушкыг засварлах боломжгүй бөгөөд шууд солих арга хэмжээ авна.

Sonata 5 машины хувьд катушка нь (+),(-), компьютерийн дохио гэсэн шонтой байна.
Sonata 6 машины хувьд (–) цэнэг болон компьютерийн дохио гэсэн 2 шонтой байдаг.

Мэдэхэд илүүдэхгүй 7: Газ хуваарилагч

Мэдэхэд илүүдэхгүй 7: Газ хуваарилагч

Газ хуваарилагчийн үүрэг нь Sonata 5 болон 6 машинууд дээр бага зэрэг ялгаатай зарчмаар ялгаатай ажилладаг.

Sonata 5 машин дээр хуваарилагч нь хий болон шингэн газыг цахилгаан хавхлагын тусламжтай нээх болон хаах үүрэгтэйгээр ажилладаг. Машин асаалттай үед халалт их үүсдгээс цахилгаан хавхлагыг хүмүүс халаагч гэж ярьдаг ч үнэндээ халаагч биш юм. Дотроо хий болон шингэний урсгалыг шүүдэг түлшний шүүр байрладаг бөгөөд жилд 1 удаа солих шаардлагатай. Солих хугацаа хэтэрч бохирдол ихэссэн тохиолдолд хааз авахгүй болох, асалт удаашрах, зарцуулалт ихсэх зэрэг гэмтлүүд гарч эхэлдэг.

Sonata 6 болон 7 зэрэг форсунк системтэй машины хувьд газын даралтын шугамыг хэвийн даралттай байлгах л үүрэгтэй байдаг. Форсунк системтэй машин нь зөвхөн шингэний урсгалтай байдаг ба түлш ирэх болон буцах буюу шугамыг даралтат газаар хангаж ханасан тохиолдолд илүүдэл түлшийг буцаан баллон руу шилжүүлэх зарчмаар ажилладаг. Механик хавхлага болон цахилгаан даралт мэдрэгч нь энэхүү процессыг зэрэг гүйцэтгэдэг. Хуваарилагч гэмтсэн тохиолдолд машин асахгүй болох, доголдох, зарцуулалт ихсэх, хүчгүй болох зэрэг гэмтэлүүд илэрдэг.

Газ хуваарилагчийн эвдрэлийг зөвхөн компьютер оношилгооны төхөөрөмжөөр шалгах бөгөөд эвдрэл гарсан тохиолдолд засварлах боломжгүй учраас шууд солих шаардлагатай.

Мэдэхэд илүүдэхгүй №6: Агаар урсгалын мэдрэгч /MAF, MAP/

Мэдэхэд илүүдэхгүй №6: Агаар урсгалын мэдрэгч /MAF, MAP/

Агаарын урсгалын мэдрэгч нь хөдөлгүүрт орж ирж буй агаарын хэмжээг мэдэрч түлш болон агаарын холимогийн харьцааг хамгийн зохистой хэмжээнд тохируулах үүрэгтэй.

MAF /Мass Air Flow/ мэдрэгч нь бидний мэддэгээр зөгийн үүр гэж нэрлэгддэг ба агаарын урсгалыг мэдэрч мэдээллийг компьютерт өгдөг.

MAP /Manifold Absolute Pressure/ мэдрэгч нь зөгийн үүрийг бодвол хэмжээний хувьд жижиг бөгөөд вакум шлангаар орж ирэх даралтат агаарыг мэдэрч компьютерт мэдээлэл өгдөг.

Агаарын урсгалын мэдрэгч эвдэрсэн тохиолдолд:
- Машин доголдох
- Нормаль барихгүй унтрах
- Хааз авахгүй хүчгүй болох
- Асахгүй болох
- Түлш зарцуулалт ихсэх гэх зэрэг нийтлэг гэмтлүүд гардаг.

Агаарын урсгалын мэдрэгчийг шалгахдаа компьютер оношилгооны аппаратаар болон албадан агаар өгч тестерээр хүчдэлийг нь хэмжиж болдог.

Sonata 5 болон редуктортай машины хувьд MAP мэдрэгчээр агаарыг мэдэрдэг ба коллекторын хоолой дээр байрладаг.
Sonata 6 машины хувьд 2007 оноос өмнөх загвар MAF мэдрэгчийг ашиглаж байсан ба 2008 оноос эхлэн MAP мэдрэгчийг ашиглах болсон.

Манай орны хувьд тоосжилт ихтэй байдаг тул агаар шүүгч амархан бохирддог. Агаар шүүгч удаан хугацаагаар бохирдолтой явснаар агаарын урсгалын мэдрэгч бохирдож агаарын хэмжээг буруу тодорхойлох, эвдрэх зэрэг гэмтлүүд гарна. Тиймээс агаар шүүгчийг дулааны улиралд ядаж 7 хоногт 1 удаа цэвэрлэж байх нь агаарын урсгалын мэдрэгчийг хамгаалах энгийн бөгөөд хялбар арга болж өгдөг.

Мэдэхэд илүүдэхгүй №5: Температурын мэдрэгч

Мэдэхэд илүүдэхгүй №5: Температурын мэдрэгч

Хөргөх шингэний температурын мэдрэгч нь моторын блок болон усны радиатор дээр байрладаг. Темпратурын мэдрэгчийн гол үүрэг нь усны температур 92С хүрснийг мэдэрч компьютерт мэдээлэл өгснөөр халалтаас сэргийлэн урд радиаторын хөргөх сэнс ажиллаж эхэлдэг.

Sonata 5 машины хувьд энэхүү мэдрэгч нь газыг хий болон шингэн төлөвт хуваарилах үүрэгтэй. Машин хүйтний улиралд асахдаа хянах самбар дээр дөлний зураг асаж байгаад унтардаг нь ус халсан гэдгийг темпратурын мэдрэгч мэдэрснээр хий хэлбэрт буй газ шингэн газ руу шилжсэнийг харуулж байгаа юм.

Темпратурын мэдрэгчид нэмэх, хасах, компьютерийн дохио гэсэн 3 ширхэг утастай залгуур залгагддаг.
Темпратурын мэдрэгчийг ажиллаж байгааг шалгахын тулд эсэргүүцлийг шалгах ба халуун үедээ 300ом, хүйтэн үедээ 3000ом-ийн эсэргүүцэл зааж байвал хэвийн ажиллагаатай байгааг илэрхийлнэ.

Мэдэхэд илүүдэхгүй №4: Газын баллон

Мэдэхэд илүүдэхгүй №4: Газын баллон

Автомашины газын баллон нь 85%-ийн эзэлхүүнтэй баллон байдаг. Газ орох литрийн хэмжээ дээд тал нь шингэнээр 65-70 литр байдаг ба үлдэгдэл хэсгийг газын өөрийн даралт эзэлж байдаг. Машины баллон нь баруун буландаа үйлдвэрлэгдсэн он, багтаамж , ашиглалтын хугацаа, шалгах хугацаа зэрэг мэдээллийг агуулсан пайзтай байдаг.
Sonata 5-ийн хувьд баллоны даралт өндөр байх тусам зарцуулалт бага байж, хүч авалт сайн байх үндэс болдог.
Sonata 6-гийн баллон нь дотроо түлшний насостой тул газын даралт нь хүч авалтыг нэмэгдүүлэх зарцуулалт бага байх зэрэгт туслах чанараар ашиглагддаг.
Хэрэглэгчдийн дунд баллоны хий гаргуулах гэсэн яриа байдаг. АХЦС-ын түгээгүүрийн насосны даралтаас хамаарч тухайн машинд газ цэнэглэсэн ч орохгүй болсон тохиолдолд л хийг гаргана. Үүнээс бусад тохиолдолд хий гаргах шаардлагагүй байдаг. Газын өөрийн шинж чанар нь агаарын температур багассан үед шингэн төлөв рүү шилжиж байдаг бол эсрэгээр дулаарсан үед хийн төлөврүү шилжиж байдаг. Тиймээс баллоноос хий гаргуулж байгаа машин газаа л гаргуулж байна гэж ойлгож болно.
Мөн баллон дээр халаагчтай гэсэн яриа байдаг. Энэхүү асуултанд хариу өгч баллоны хэсгийг зургаар товч тайлбарлая.

Sonata 5-ийн баллон
- Ногоон хаалт нь газ оруулах хэсгийн крант юм. Хаалтыг газ цэнэглүүлэхээс бусад тохиолдолд аюулгүй байдлын үүднээс хаалттай байлгах ёстой байдаг.
- Шар өнгийн крант нь хийн төлөвтэй байгаа газыг урагш хөдөлгүүрт дамжуулах үүрэгтэй. Энэхүү крант байнгын нээлттэй байх шаардлагатай бөгөөд машин хүйтэн дээрээ энэхүү крантаар ирэх газаар асаж байдаг. /Хянах дээрх дөлний гэрэл унтартал/
- Улаан өнгийн крант нь үндсэн шингэн төлөвтэй газын крант юм. Байнгын нээлттэй байх шаардлагатай. Тосол халсныг усны мэдрэгч мэдэрч мэдээллийг хөдөлгүүрийн компьютерт өгснөөр шар крантны ажиллагааг таслан, үргэлжлүүлэн улаан крантаар шингэн газыг хөдөлгүүрт өгч машин хэвийн ажиллагаандаа ордог.
- Цахилгааны утас холбогдсон эдгээр хар зүйлүүд хүмүүсийн “халаагч” гэж яриад байгаа зүйл юм. Энэ нь нээж хаах үүрэгтэй “цахилгаан соронзон релей” юм. Энэ релей нь ажиллаж байгаа тохиолдолд халалт их үүсдэг тул халаагч гэж андуурах тохиолдол бий.
- Түвшин хэмжигч нь баллон дотор байгаа газын хэмжээг заах бөгөөд урагшаа хянах самбарт мэдээллийг өгөх үүрэгтэй юм.

Sonata 6-гийн баллон
Улаан болон ногоон кранттай бөгөөд дээрхтэй адил үүрэгтэй ажиллана.
Баллонд газ үнэртэх, дотор нь юм түчигнэх, түвшин хэмжигч ажиллахгүй болох болон бусад гэмтэл гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай.