Мэдэхэд илүүдэхгүй №3: Газын шүүр

Мэдэхэд илүүдэхгүй №3: Газын шүүр

Газ автомашины түлшний систем нь бензин болон дизель машиныг бодвол бохирдол бага байдаг ч газын шүүрийн норматив дунджаар 25000 км буюу жилд 1 удаа солих шаардлагатай байдаг. Солих хугацаа өнгөрвөл форсунк /sonata 6,7/ редуктор зэрэг эд ангиуд бохирдон асахгүй болох, хааз авахгүй болох, галаар буудах, доголдох гэх мэт гэмтлүүд гарч эхэлдэг. Бөглөрч бохирдсон газын шүүрнээс төмрийн үртэс шиг бохирдол гардаг нь вагон цистернээр тээвэрлэгдэн ирж байгаатай холбоотой тул энэхүү бохирдлыг жолооч өөрөө хянах боломжгүй юм. Тиймээс газын шүүрийг хугацаанд нь солиж байвал түлшний систем дахь гэмтлийг даруй бууруулдаг.
Газын шүүрийг хугацаанд нь солисноор:
1. Газ насостой автомашины насосны ашиглалтын хугацааг уртасна.
2. Форсунк болон редукторын ажиллагааг хэвийн байлгана.
3. Хүч авалт сайжирна.
4. Түлш зарцуулалтыг хэвийн хэмжээнд байлгана.

Мэдэхэд илүүдэхгүй №2: Газын редуктор

Мэдэхэд илүүдэхгүй №2: Газын редуктор

Дэлхий дахинд LPG /шингэрүүлсэн нефтийн хий/ болон CNG /шингэрүүлсэн байгалийн хий/ өргөн хэмжээгээр ашигладаг. Европын улс орнуудад СNG, азийн улс орнуудад LPG-г голчлон хэрэглэдэг. Монгол улсын хувьд LPG ашигладаг бөгөөд түүнд зориулсан редукторын талаар товч мэдээлэл хүргэе.
Редуктор гэдэг нь шингэн хэлбэрээр байгаа газыг хийн төлөв рүү шилжүүлэх үүрэгтэй хувиргагч эд анги юм. Редукторийн хүчийн чадал нь тухайн машины моторын багтаамжид таарсан байх шаардлагатай байдаг ба хөдөлгүүрт өгөх түлшний хэмжээг хангалттай өгөхөөр тааруулж тавьдаг.
Редуктор нь бидний мэдэх дизель тэрэгний аппаратур болон карбьюратор зэрэгтэй адил түлшийг тохируулах үүрэгтэй эд анги учир их нарийн тохиргоо шаардлагатай байдаг. Редуктор нь газан автомашины насосын үүргийг давхар гүйцэтгэж байдаг тул 1 жил ашиглаад үйлчилгээ хийлгэх хэрэгтэй. Үйлчилгээ хийх хугацаа болсон машины асалт удааширч, түлш зарцуулалт нэмэгдэж эхэлнэ.
Редукторын давуу сул талууд:
Давуу тал:
1. Түлшний хэмжээг их бага хэмжээгээр тохируулах боломжтой байдаг.
2. Түлшний тасалдал, эвдрэл гарсан тохиолдолд энгийн байдлаар засварлах боломжтой.
Сул тал:
1. Арчилгаа их шаарддаг.
2. Тохиргоог өвөл болон зун хийлгэх шаардлагатай.
3. Форсунктай харьцуулбал битүүмж муутайгаас газ үнэртэх алдах магадлалтай.
Редукторын үйлчилгээг цаг тухайд нь хийж гүйцэтгэн нэг газраас /нэг газын байгууллагаас/ газ цэнэглэлтээ хийж байвал үнэртэх болон зарцуулалтын хэлбэлзэл бага гардаг. Газ нь даралтат шинж чанартай тул газ их байх тусам машины түлш зарцуулалт бага байх үндэс болж өгдөг.

Мэдэхэд илүүдэхгүй №1: Хөдөлгүүр

Мэдэхэд илүүдэхгүй №1: Хөдөлгүүр

Монголын нөхцөлд Sonata 5 болон Sonata 6 зэрэг автомашин элбэг тул эдгээр машинуудын хөдөлгүүр дээр товч зөвлөгөөг хүргэж байна.
Эдгээр машин нь DOHC /Double Overhead Camshaft/ буюу хос нударган голтой ба цилиндр бүрт оруулах болон гаргах 2 ширхэг клапан байрласан бөгөөд шаталт сайн үүсгэж огцом хүч авалтыг сайжруулах шийдэлтэй хөдөлгүүр юм. Ихэвчлэн солонгос машин болон Mitsubishi машинуудад энэхүү хөдөлгүүр түлхүү ашиглагддаг.
Sonata 5 болон 6 машинуудын моторын багтаамж 2000СС байдаг гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ хөдөлгүүрийн өөрийн багтаамж нь 1800СС боловч DOHC хөдөлгүүрийн өөрийн шинж чанараас хамаарч энгийн 2000СС хөдөлгүүртэй машинтай дүйцэхүйц хүчтэй байдаг.
Газ хөдөлгүүр нь бензин болон дизель хөдөлгүүрүүдийг бодвол тортогшил харьцангуй бага байдаг. Тиймээс яндангаас гарах утааны хорт хийний ялгарал бага байдаг байна.Та бүхэнд газ хөдөлгүүрийн талаар товч ойлголт өгч давуу талуудыг сонирхуулья.
Давуу тал:
1. Бензин болон дизель хөдөлгүүрийг бодвол LPI /форсунк/ системийн машин нь адил хөдөлгүүрийн багтаамжтай бензин болон дизель хөдөлгүүртэй машинаас харьцангуй хүчтэй байдаг.
2. Тортогшил бага тул масло солих хугацаа заасан нормт хэмжээнээс даруй 3000км-ээр уртасдаг.
3. Тортогшил бага тул хөдөлгүүрийн кольц болон гилзний ашиглалтын хугацаа урт байдаг.
4. Газ бүрэн шатах шинж чанартай байдаг тул дутуу шаталт үүсдэггүй.

Хэрэглэгч хөдөлгүүрийн тосны хэмжээ болон бохирдол зэргийг байнга шалгаж үйлчилгээг хугацаанд нь хийж байвал хөдөлгүүрийн хувьд ашиглалтын хугацаа уртсах болно. Мөн 10000км тутамд духны ремен /Sonata 5/ шалгах, шаардлагатай бол солих, гинж суларсан эсэхийг шалгах /Sonata 6/ шаардлагатай. Эдгээр үзлэг шалгалт, үйлчилгээ зэргийг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байвал газ хөдөлгүүр эвдрэл гарах нь тун ховор.