Хийн түлш

Шингэрүүлсэн нефтийн хий гэж юу вэ?

Манай улсад шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий буюу шингэрүүлсэн шатдаг хийг өргөн хэрэглэж байна. ШШХ гэдэг нь шингэрүүлсэн шатдаг хий гэдэг үгийн товчлол бөгөөд олон улсын нэршил нь LPG /Liquefied Petrolieum Gas/, орос нэршил нь СУГ /сжиженные углеводородные газ/.

Энэ хий нь цэвэр ба холимог нүүрс-устөрөгчийг өндөр даралт, бага температурт оруулж шингэрүүлсэн хий бөгөөд шаталтын дулаан өндөртэй, үл шатах үлдэгдэл багатай, орчныг бохирдуулдаггүй, түлш эрчим хүчний шинэ эх үүсвэр юм.

Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий нь өнгө, үнэргүй бөгөөд аюулгүй ажиллагааг хангах үүднээс үнэртүүлэгч бодис /меркаптан, хүхэрт устөрөгч гм./ хольдог. Энэ нь уг хийг алдагдах үед үнэртэж мэдэгдэх зориулалттай болно. Температур болон даралтын үзүүлэлт нь энэ хийд их нөлөөлөх бөгөөд температур нэмэгдэхэд хий хөөрч эзэлхүүн ихсэх ба температур буурахад суулт үүсдэг. Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий нь өндөр даралтын дор нягтарч эзэлхүүнээ багасгадаг.

Манай орны нөхцөлд ихэвчлэн пропан бутаны холимгийг хэрэглэх ба энэ нь цаг уурын эрс тэс нөхцөлтэй холбоотой бөгөөд хүйтний улиралд пропаныг ашиглах нь илүү тохиромжтой байдаг.

Пропан С3 Н8 – агаартай харьцуулан тогтоосон нягт нь 1.52 байдаг хүнд хий юм. Пропаныг шингэрүүлсэн хий байдлаар -35С хүртэл температурын нөхцөлд дахин давтан хийжүүлэлгүй ашиглаж болно. Техникийн пропаны уур нь -42С-аас доош температурт шингэн төлөвт шилжинэ. Шаталтын дулаан нь 12000 ксаl/кg: 23760 ксаl/m3 байдаг.

Энэ газ нь Бутан С4 Н10 агаартай харьцуулан тогтоосон нягт нь 2.06-2.09 байдаг.

Бутаны уур нь -0.5С-д конденсацлагдаж /шингэрч/ эхэлдэг учраас бутаныг дулааны улиралд ашиглахад тохиромжтой ба хүйтний улиралд ашиглахад хүндрэлтэй байдаг. Шаталтын дулаан 12000 ксаl/кg: 30720 ксаl/m3 байдаг.

Шингэрүүлсэн хийн буцлах цэг нь хасах хэмийн бүсэд байдаг. Энэ нь: 1-рт, нэмэх хэмийн бүсэд дурын эзэлхүүнтэй саванд харьцангуй өндөр даралт үүсгэдэг. 2-рт, савнаас гарах үедээ орчин тойрноосоо ууршилтад шаардлагатай дулааныг авдаг. Хий хүний арьсанд хүрэхэд хөлдөлт хайралт үүсгэнэ.

Хамгийн аюултай шинж чанар нь хийн төлөв байдалдаа агаартай 1.8-10% хүртэл холилдоход маш хялбар гал авалцдаг ба дулааны үйлчлэл эсвэл цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс 500 хүртэл хэмээр халаахад мөн шатна. Савнаас урсан гарч байгаа хий агшин зуурт агаартай холилдон гал авалцахад хангалттай холимог үүсгэх ба энэ үед оч үүсгэх эх үүсвэр байвал даруй асч гал авалцана. Агаарт сарних тархах процесс нь удаан, ялангуяа салхигүй үед их удаан байдаг. Хүчтэй салхинд амархан туугдан сарнина.

Шингэрүүлсэн шатдаг хийн эзэлхүүний тэлэлтийн коэффициент нь маш өндөр байдаг. Гадна агаарын хэмийг нэмэгдүүлэхэд саван дотор байгаа шингэн нилээд тэлдэг. Иймд хийг саванд дүүргэхдээ дээд хэсэгт заавал чөлөөт орон зай үлдээх ёстой. Өөрөөр хэлбэл 85% дүүргэнэ. Савыг бүрэн дүүргэхийг хатуу хориглодог.